Үнэн
Хүн ба цаг хугацаа хоёрын харилцан яриа
Эргэцүүлэмжийн оршилд: Агаартай нөхцөлд хүн үнэний тухай юуг ч сэтгэж болно. Харин хүний биш, цаг хугацааны хувьд үнэн юу вэ? Үнэний тухай бяцхан эргэцүүлэмжээ товч хүүрнэлээр эхлүүлэн, харилцан яриа хэлбэрээр өрнүүлж, дүгнэлтээр төгсгөв.
Хүн цаг хугацааг өнөөг хүртэл огт тоож харсангүй. Цаг хугацаа ч мэдээж хүнийг тоосонгүй. Хүн ийн явсаар, өөрийнхөөрөө үнэнийг бүтээсээр зуун мянган нас хүрэв. Цаг хугацаа хүнийг ажсаар л... Зуун мянга насалсан болоод ч тэр үү, хүн сүүлийн үед элдвийг тунгаан бясалгах нь ихэсчээ. Ийнхүү өнгөрсөн ба ирээдүйг эргэцүүлэхүйд өдгөө өөрийн бүтээсэн түмэн үнэний зөрчил тэмцэлд туйлдаж, мэргэн шийдлийг хайн баахан бэдрэвч нэгэнт мухарт тулаад буйгаа ухааран,.. шантарч будилахын хооронд санаашран суутал гэнэт цаг хугацаатай үнэний талаар ярилцах мэргэн санаа төрөв. Ингээд хүн ба цаг хугацаа хоёр үнэний тухай ийн ярилцав:
Хүн: Үнэн гэж юу юм бэ?
Цаг хугацаа: Үнэн бол бүх зүйл. Чамтай ярилцахыг хүсэн хүлээж байлаа /инээв/.
Хүн: Бүх зүйл үнэн гэж үү?
Цаг хугацаа: Одоогоор чиний уран сэтгэмжээс бусад нь үнэн.
Хүн: Миний уран сэтгэмж... Сайн ойлгосонгүй? Энэ нь одоогоор би юу ч бодсон үнэн биш гэсэн үг үү?
Цаг хугацаа: Хүн чи бодсон зүйлээ бодитоор бүтээн байгуулж чадвал уран сэтгэмж чинь үнэн болж байгаа нь тэр. Бодитоор биелүүлэхгүй л бол ямар ч агуу санаа хоосон бодол хэвээрээ л үлдэнэ. Хүн чи хийж бүтээхээсээ илүү бодож бясалгах нь их юм.
Хүн: Тийм байж. Бүх зүйл үнэн гэлээ. Цор ганц үнэмлэхүй үнэн гэж байхгүй гэсэн үг үү?
Цаг хугацаа: Үнэмлэхүй үнэн гэж байхгүй. Хүн л цор ганц үнэн гэвэл амьтан ургамал худал болох уу? Бурхан л үнэн гэвэл байгаль ба сансар худал болох уу? Цор ганц үнэмлэхүй үнэн гэдэг бол хүн чиний оюун ухаанд л оршино. Өөрөөр хэлбэл биегүй үнэн. Ер нь үнэмлэхүй гэдэг бол хэзээ ч, юутай ч үл шалтгаалалцах, нэг ёсондоо огт төрөөгүй, огт байхгүй ертөнц гэсэн үг. Аргагүй л уран сэтгэмж. Бодит байдал дээр хүн чи ч, орчлон ч, цаг хугацаа би ч эрх тэгш оршин байгаа нь үнэн шүү дээ.
Хүн: Тийм байдаг байж. Тэгэхээр би үнэнийг огт мэдэхгүй байна гэж үү?
Цаг хугацаа: Огт мэдэхгүй гэж хэлэхгүй. Хүн чиний зөнд үнэн оршино. Үнэн чамайг дуудсан тул чи үнэний төлөө тэмцсэн. Одоогоор үнэнийг сайн мэдэхгүйгээ мэдэж авна гэдэг бол чиний хувьд чухал мэдлэг.
Хүн: Би уг нь ухаан орсон цагаасаа л үнэнийг мэдэхийг хүссэн шүү дээ?
Цаг хугацаа: Тийм ээ, хүн чи сэтгэж эхэлсэн өдрөөсөө л үнэний эрэлд мордсон. Гэвч үнэн бол тийм амар олдохгүй. Үнэний төлөө хүн та нар өвөр хоорондоо ихэд хядалцав. Хүн та нар олон янзын үнэнийг бүтээж, тунхаглаж, баримталж, харилцан тулгалцаж ирэв. Үзлийн ба ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй мөргөлдөөн, дайн самууны хөлд олон хүн амь насаа алдсан, өдгөө ч алдсаар байгаа нь хүн чиний үнэн байдал. Үнэн бол чиний уран сэтгэмж юм уу үзэл бодолд оршдог зүйл биш ээ гэдгийг уг нь би чамд эртхэн хэлсэн бол... /санаа алдав/. Гэвч чи бид хоёр өнөөдөр л ингэж ярилцах учиртай байж.
Хүн: Тийм ээ, эргээд бодоход харамсмаар зүйл амьдралд минь зөндөө л байдаг юм. Цаг хугацаа минь хэлээд өгөөч, тэгэхээр би үнэнийг олоогүй л яваа юм байна, ер нь би үнэнийг хэзээ ч олохгүй гэж үү?
Цаг хугацаа: Хэзээ ч олохгүй гэж бүү шантар. Одоо ба өнгөрсөн цагаар хайрцаглаж ертөнцийг сэтгэвэл “хэзээ ч чадахгүй” гэх цөхрөл чамайг эзэмдэнэ. Хүн чи ирээдүйг бүү март. Ирээдүйгээр хүн чи залуужиж, улам хүчирхэгжиж байна. Хүн чи алгуур боловч цуцалтгүй тэмцсээр мөрөөдлөө биелүүлдэг онцлогтой. Өнөөг хүртэл юу юуг хийж бүтээчихээд байгаагаа эргээд нэг хар. Чи өнөөдөр агуйд биш, зориулалтын сууцанд амьдарч байна. Чи өнөөдөр хөлөөр биш, нисэх онгоцоор зорчиж байна. Энд чамд урмын хэдэн үг хэлье: Онгоц, техник, зэвсэг,.. эдгээр ололтуудыг бүтээсэн нь хүн чи орчлонгийн тодорхой хэсгийг нээн захирсан нь мөн. Үнэн бол орчлон ертөнц өөрөө юм шүү дээ. Үнэнийг нээх тусам бүр хүн чиний хүчин чадал өсөн нэмэгдэж байна. Энэ мэтээр бодит байдал дээр чи үнэнийг бага багаар нээн эзэмшсээр байна. Ерөөс аливаа зүйл чимх чимхээр л хөгжин дэвшдэг. Гэнэт бүтээгдсэн төгс ертөнц, нэг мөсөн хийгдсэн агуу бүтээл гэж байдаггүй. Тиймээс гэнэт нээгдсэн үнэн, бэлэн зэлэн үнэн гэж байхгүй. Чи нялх байхдаа зэрлэг орчлонгийн эрхшээлийн өмнө хүчин мөхөсдөхдөө бурхныг сэтгэн аврал эрэв. Хэрэг дээрээ өршөөлгүй орчлонгийн хатуу хөтүүг энэ олон мянган жилийн хугацаанд бурхан биш, хүн чи өөрөө л зөөлрүүлж ирсэн. Цус нулимс, золиос, тэмцлээрээ... Нялзрай байхдаа чи араатан амьтан, байгалийн элдэв аюулын өмнө хүчин мөхөс байсан. Өсч томрохын хэрээр хүн чи ухаан сууж, зэрлэг байгалийн эрхшээлээс бага багаар ангижирч эхэлсэн. Өнгөрсөн түүх ба өнөөдрийн ололт, бүтээн байгуулалт бүхэн чинь үнэнийг буюу орчлонг шат шатаар нээж ирсэнийг чинь нотолж байна шүү дээ.
Хүн: Байзаарай, үнэнийг би бага багаар нээсээр байгаад төгс ойлгоно гэсэн үг үү?
Цаг хугацаа: Тэгэлгүй яах вэ, тийм биш байсан бол энэ орчлонд цаг хугацаа миний хэрэг гэж алга. Хүн чиний түүхэнд хийсвэр зүйл байхгүй. Чиний явсан харгуй бүхэлдээ их тэмцэл, их эрэлхийлэл, бодит бүтээн байгуулалтын зам мөн. Жаахан хүүхэд шууд их сургуульд сурах боломжгүй. Үүн шиг л хүний хөгжил дэвшил тодорхой шат дараалалтай. Хүн чи эдгээр зайлшгүй шат дарааллуудыг бодлоороо бол алгасч чадна, харин үйлдэл, ажил хэргээрээ бол чадахгүй. Учир нь ажил алба, бүтээн байгуулалт бол бодит үнэн. Албыг хуурч хулхидна, алгасна гэж юу байх вэ дээ. Үг, бодлоос чинь илүү үйлдэл, ажил хэрэг чинь л бодит үнэн гэдгийг ойлго. Жишээлбэл нарыг, агаарыг, усыг юу ч гэж боддог, юу ч гэж ярьдаг байсан ялгаагүй, хүн та нар бүгд адилхан хэрэглэдэг. Нар, агаар, амьд байгалийг бүгдээрээ хэрэглэж байгаа чинь бодит үнэн, харин нарыг ямар нэг бурхан, байгалийг лус савдаг, усыг бурхны хишиг,.. гэх мэтээр сэтгэж буй тань үнэн бодит байдалд огт падгүй. Тэр бүхэн бол та нарын уран сэтгэмжийн ертөнцийн л асуудал.
Хүн: Ойлгож байх шиг байна. Цаг хугацаа чамд төгсгөл гэж бий юу?
Цаг хугацаа: Би нэгэнт үнэмлэхүй биш тул надад хязгаар бий. Харин хүн чи одоогоор миний эхлэлийг л харж байна. Цаашид чамд үзүүлэх сонин содон зүйл, цаашид чиний нээх, бүтээх ёстой шинэ ертөнц хязгааргүй олон бий. Нэг талаас би чамд ирээдүйг чинь өгнө, нөгөөтэйгүүр чи өөрөө ирээдүйгээ бүтээн байгуулна. Би бол чамд хоосон цаас л өгнө шүү дээ. Түүн дээр өөрийн үнэнээ бичигтүн. Хийж буй үйлдэл бүр чинь үнэн баримт болж үлдэнэ. Миний төгсгөлийг үзмээр байвал үр хойчоо таслалгүйгээр ирээдүйд шалгараад ирээрэй гэж хэлэх байна.
Хүн: Баярлалаа, цаг хугацаа. Би үнэний тухай илүү ихийг мэдэхийг хүсч байна. Байгаль гэснээс, хүн би саяхан 7 тэрбумуулаа боллоо. Цаашид улам олуулаа болох нь тодорхой байна. Гэтэл бүтээн байгуулалт бүхэн минь байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулаад байх юм. Цаашид хэрхэх нь үнэхээрийн тулгамдсан асуудал болоод байна л даа. Хүн бид дэлхий, байгальтайгаа хэрхэн дасан зохицох вэ?
Цаг хугацаа: Дасан зохицох ий? Хүн чи ийм уруу дорой юм гэж үү /инээвхийлэв/? Чи тийм биш ээ. Яриа нэгэнт энд хүрсэн тул цаг хугацаа би хүн чамд ирээдүйн чинь тухай товчхон ярьж өгье. Байгалийн төлөө санаа зовох чинь зүйн хэрэг. Байгаль уствал юу ч үгүй болно гэдгийг чи мэдэж байна. Хүн чи өөрийн эрхшээлийн орчныг бүтээн байгуулахдаа байгалийн болон амьтан ургамлын эрх ашгийг маш ноцтойгоор зөрчиж ирсэн чинь үнэн. Энэ ч аргагүй, хүн чиний ухамсар дөнгөж төлөвших шатандаа явна. Шууд хэлэхэд хүн чи одоо нэгэнт зэрлэг орчлонд дасан зохицохоосоо өнгөрсөн. Учир нь хүн чамд сарвуу, туурай, соёо, үс ноос тэргүүтэн үгүй. Хүн чи өнөөг хүртэл түмэн янзын үнэн, буман төрлийн шашин хийгээд философийг сэтгэвч бүхний нүдэнд ил байдаг нэгэн энгийн үнэнийг үл анзаарах юм. Энэ үнэн бол хүн чиний үйлдэл, бүтээн байгуулалт юм шүү дээ. Өнөөг хүртэл хийж бүтээсэн бүхэн чинь хүн чи бол байгалийн амьтан биш, соёлын буюу тархины амьтан гэдгийг батлаад байна. Чиний зөв, хүн чиний тоо толгой цаашид тасралтгүй өсөн нэмэгдэнэ. Хүн төрөлхтөн чи дэлхийн даацаас хэтэрсэн хэрэглээ, хэрэгцээг үүсгэх цагт орчлонг хүнд зохицуулан өөрчлөхөөс өөр сонголт үлдэхгүй. Өөрөөр хэлбэл цаашид амьд байгалийг хүн чи өөрийн гараар бүтээнэ.
Хүн: Байзаарай, би өөрийн гараар байгалийг бүтээнэ гэж үү?
Цаг хугацаа: Тийм ээ, чи өөрөө цааш амьдармаар байгаа бол шүү дээ. Өнөөг хүртэл хүн чи байгалийн бүтээл байсан бол, цаашид байгаль хүн чиний бүтээл болж хувьсана. Энэ бол зайлшгүй ирээдүй. Чиний балчир нас, хүүхэд нас өнгөрч байна. Чи хорвоо ертөнцийг дур зоргоороо хэрэглэсээр өдийг хүрэв. Одоо чи удалгүй эргээд хорвоо ертөнцийг бодитоор хийж бүтээх насанд хүрнэ. Хариуцлагажна гэсэн үг.
Хүн: Над мэт нь орчлон ертөнцөөр хамаагүй оролдох эрхтэй гэж үү? Тэгээд ч энэ бүхэн нэг л боломжгүй мэт?
Цаг хугацаа: Хүн чи үүрд хүүхдээрээ байхыг хүсээд байна уу даа? Ажил алба хийхгүй, эрхэлж нялхарсаар байх уу? Орчлон ертөнцийн хувь заяаг өөрөө хариуцах бус, өөр хэн нэгэнд даатгачихмаар байна уу /инээв/? Алмайж суусаар нэг л өдөр амьсгалах агаараасаа хагацаад задгай сансарт хаягдах вий. Тэгвэл чи хүссэн хүсээгүй хариуцлагажна гайгүй.
Хүн: Аймшигтай сонсогдож байна. Тийм зүйл үзэхээс нааш би хариуцлагажихгүй юм уу?
Цаг хугацаа: Мэдэхгүй юм даа. Чи өөрөө л үнэнээ бүтээнэ гэдгээ сана. Энд чамайг жаахан шүүмжилье: Ер нь бол хүн чи хуучиндаа дурлаж, шинээс бэргэдэг нэг муу зантай. Мөн туйлын тогтмолыг л хүсээд байдаг, гарцаагүй байдалд орохоос нааш хөдлөх дургүй. Үхэлтэй нүүр тулахаас нааш амьныхаа үнэ цэнийг анзаардаггүй,.. гэх мэт. Энэ бүхэн чиний бас нэг үнэн. Дундад зуунд хар тахал дэгдэж цочроо өгөөгүй байсан бол хүн чамд сэргэн мандах шалтгаан байсан уу? Энхийн цагт сайн дураараа онц байдлын цагаар сэтгэж, ажиллаж чадах эсэх чинь хүн чамаас л шалтгаална. Чи харьшгүй шийдвэр гаргаад өнөөдрөөс ухамсраараа хариуцлагажиж эхэлбэл болохгүй гэхгүй. Гэвч бэрх дээ бэрх. Агаар чинь бэлэн зэлэн байгаа нөхцөлд тархи чинь алмай төлөвт л оршино.
Хүн: Би бүр өөрийгөө ч ойлгохоо байлаа...?
Цаг хугацаа: Одоогоор хүн чи үргэлж хувьсан өөрчлөгддөг гэдгээ л ойлгоход хангалттай. Хүний утга гэж юу юм бэ? Энэ тухай цөөн үг хэлье, хүн чи сайн сонсож ав. Хүний утгыг ойлгохдоо бүх цаг үед эрх тэгш хандах хэрэгтэй. Хүн чиний утга үргэлж л хувьсан өөрчлөгдөж ирсэн, энэ нь чиний нас, ухаан чадалтай холбоотой болохоос аль нэг цаг үе нь зөв, нөгөө цаг үе нь буруу гэсэн үг биш. Туйлын цаг үе гэж үгүй. Эрт цагт хүн чи ан гөрөөнд мэргэшив. Дундад эринд хүн чи аж ахуй ба соёл урлагт мэргэшив. Сэргэн мандлаас хойш хүн чи дайн тулаанд мэргэшиж, цөмийн бөмбөгийг бүтээв. Орчин үед хүн чи түмэн төрлийн нийгмийн мэргэжилд мэргэшив. Энэ бүх өнгөрсөн түүх бол байгаль дэлхий чинь бэлэн зэлэн, элбэг баян байсан үеийн түүх. Чамайг өдий хүртэл өсгөн торниулахад буй бүхнээ зориулж ирсэн тул өдгөө дэлхий ээж чинь үнэхээр ядарч туйлджээ. Мөнхийн дэлхий гэж байхгүй шүү дээ. Цаашид байгальгүй эриний түүхийг хүн чи үргэлжлүүлэн бүтээх ёстой. Өөрөөр хэлбэл хүн чи сөнөсөн амьд байгалийг сэргээн бүтээхийн тулд орчлонгийн инженерчлэлийн мэргэжилд мэргэшнэ. Эндээс хүн чиний шинэ утга төрж байна. Чиний бүтээх байгаль бол албан зориулалтын бүтээл тул зэрлэг байгальтай харьцуулшгүй үзэсгэлэн төгөлдөр байх болно. Дундад эриний хүнд цөмийн бөмбөгний тухай яриад нэмэргүйтэй нэгэн адил одоо цагийн чамд орчлонгийн инженерчлэлийг ярихад үлгэр мэт санагдахыг үгүйсгэхгүй. Гэвч амьд байгалийн сүйрэл нь гагц хүн чиний, эсвэл гагц цаг хугацаа миний биш, бүх ертөнцийн нийтлэг эрх ашгийг хөндөх асуудал тул энэ зайлшгүй үнэнээс бултах аргагүй. Амьд бүтээн байгуулалтыг хийх зайлшгүй хариуцлагыг оюун ухаантайгаараа хүн чи л үүрнэ. Цагийн юм цагтаа. Чи байгалийн сөнөлийг их тэмцэл, их бүтээн байгуулалтаар даван туулна. Улмаар хэт ирээдүйд хүн чи нас бие гүйцэж, ухаан чадал тэгширч, цаг хугацаа намайг ч бодитоор нээж олох болно. Дахин хэлье, хүн чи үнэнийг өөрөө нээж, өөрөө бүтээх болно. Ингээд баяртай, нас бие гүйцсэн хойно чинь дахин уулзъя...
Хүн: Хүлээгээч, цаг хугацаа, хүлээгээч...
...Цаг хугацаа хариу дуугарсангүй. Яриа энэ хүрээд өндөрлөх байж. Хүн баахан гүн бодолд дарагдан хөмсөг зангидаж, нэгэнтээ уртаар санаа алдав. Цаг хугацаа чимээгүйхэн урссаар...
...
Үнэнийг мэдэхийг, ертөнцийн мөн чанарыг ухаарахыг хүсдэггүй хүн гэж үгүй байх. Гэвч үнэн ба ертөнцийн мөн чанар бол бэлэн зэлэн үзүүлэн, сургалт биш. Ертөнц хүний өмнөөс хүнд мэдлэг бэлдэж өгөхгүй. Үнэн зөв мэдлэгийг хүн өөрөө л тэмцэж байж бүтээнэ. Хөдөлмөр тэмцэлгүйгээр үнэнийг нээнэ, үнэнийг олно, үнэнийг ухаарна гэдэг бол нүцгэн хөлөөрөө Антарктид тивийг хөндлөн гулд туулна гэсэнтэй, эсвэл бурханд авилга өгөөд бэлэн стандарт мэдлэг өгөхийг нь хүлээнэ гэсэнтэй агаар нэгэн. Хүний хөдөлмөр тэмцэл, бодит бүтээн байгуулалт, нээлт ололт бүхэн үнэнд хүрэх шатны гишгүүрүүд мөн. Хүн үүссэн цагаасаа л зэрлэг орчлонгийн эрхшээлээс ангижрахын тулд тэмцэж, өөрийн ертөнцийг бүтээн байгуулж ирсэн ба өдгөө ч орчлонг нээх, ашигт ажилд хувиргах их ажил тасралтгүй өрнөж байна. Ертөнцийг бүхэлд нь нээж барах цагт өнөөгийн бидний “Үнэн” хэмээн хайгаад байгаа зүйл бүх нийтийн ерөнхий мэдлэг болох биз ээ. Ямартай ч хүн бид тэр л ирээдүйн төлөө цуцалтгүй тэмцэж ирсэн нь, тэмцсээр ч байгаа нь “Үнэн” юмдаг. Хүний ажил албаны, нээлт ололтын зам дардан байг.
2011 оны 12-р сарын 14-ний өдөр